Friday, November 2, 2007

Тэнд амьдрал байдаг ... /Замын тэмдэглэл/

Цагаан гэхэд цагаан биш элэгдэж хуучирсан гурван давхар байшин. Дээрээ эх үрийн элбэрэлийн зураг хадчихаж. Тэр нь бас хуучраад бүдгэрчихсэн. Ороход тэд яаж хүлээж авдаг бол гэсээр байшинд орлоо. Бодож байснаас тэс өөр шүү. Бүгд л инээж бас сайн явж ирэв үү? Гээд л үнсцгээж байх юм. Дандаа л эмээ өвөө шиг минь их олон хүмүүс байлаа.

Нэг давхарт нь ихэвчлэн тэргэнцэр таягтай хүмүүс. Нэг давхрын өрөө их хүйтэн. Жаахан зогсоход чичирч байсан юм. Тэд дасчихсан байдаг биз. Ер тоосон шинжгүй байцгаана. Хоёр давхар нь арай л гайгүй гэрэлтэй. Хоёр давхраар явтал бүгд хаалган дээрээ гарч ирээд хараад зогсчихов. Харц нь ямар нэг юм эрж, асуух шиг. “Хүү минь, охин минь биш байгаа даа”, “ Хүүхдүүд минь ирээгүй юмуу ” гэх шиг олон харц. Тэд арай гайгүй хүмүүс нь. Гурван давхарт чимээ аниргүй. Яагаад ийм чимээ аниргүй юм бэ? Гэж нийгмийн ажилтнаас асуутал: Учир нь биднийг угтаад зогсох тэнхээ тэдэнд байхгүй. Бүгд хэвтэрийнх.
Өвөө эмээ нарын гэр
Гурван давхар элэгдэж хуучирсан тэр байшингийн өрөөнүүд ч бас янз янз. Зарим нь их цэвэрхэн байхад зарим нь эхүүн, тагтаршсан үнэртэй. Өрөөнүүдээр нь орлоо.

- Өө миний хүүхдүүд үү? гээд нэг эмээ дуу алдаад хувцасаа өмсөөд эхлэв.“Үгүй ээ ажлаар яваа хүүхдүүд ээ” гэж нийгмийн ажилтныг чанга дуугаар орилон хэлэхэд “Өө би хүүхдээ л ирж байгаа юм байх даа л гэж бодлоо” хэмээн өнөөх эмээ өрөвдөлтөй нь аргагүй хэлээд суув. Тэр эмээг хараагүй гэдгийг нь нийгмийн ажилтан гарсан хойноо бидэнд хэлсэн.Бас нэг өрөөнд орлоо. Хуучны нэхэж урласан хатгамалаар дүүрчээ. Бүх юм нь цэвэрхэн юм. Энэ өрөө бол ариун цэврийн даргын өрөө. Хажуугийнх нь өрөөнд босч чаддаггүй өвөө байх. Биднийг ороход заавал босно гэсээр байгаад босч суугаад сая нэг санаа амрав бололтой санаа алдав. Өчнөөн удаан амьдралынхаа тухай ярилаа. Түүгээр нь бүх л бүтэн кино хийчихмээр тийм амьдрал. “Хүүхдүүд гэж надад бий бий. Одоо тэд нарыг энд ирүүлээд ч яах юм. Би очоод ч яах юм. Энд сайхан амьдарч байна аа ” гэж хүг хүг инээх нь цаанаа бас л хүлээлттэй санагдсан. Тэр газар хоёр хоногийн ажлаар очсон байсан юм. Олон өрөө хэсч олон өвөө эмээ нартай хуучилж явсаар байтал орой болчихсон байсан. Нэг өрөөний хажуугаар гартал
- Хөөе юун чимээ вэ? Хэн яваад байна? хэмээн орлив. Тэр хүн насаараа шорон оронд байж байгаад гарсан Мягмар гэдэг өвөө. Ер нь янз бүрийн л хүмүүс байдаг. гэхдээ тэд орчиндоо дасаад өөр өөрийн гэрээ тохижуулаад амьдрач болоод л байдаг бололтой.
Бид нарыг очиход бүгд баярлалдаад хөл хөөр болчихсон явцгааж харагдсан. Их уйдацгаадаг бололтой. Аргагүй биз дээ. Тэр газар хэн хүн очдоггүй юм билээ. Бүр үр хүүхдүүд нь хүртэл шүү.
Өглөө боллоо. Өглөөний цайн дээр нь хотоос авч очсон том чихэр, зөөлөн боов, нар хамба, нандин чавга чихэрээ өгөв. Бүгд л өнөөдөр манай өрөөнд ороод ирээрэй. Эмээ нь гоё юм өгнө шүү, юм ярина шүү гээд л хүрээлээд байв. Тэд Анх яаж амьдарч байсан гээд нарийн нандин юмаа нэгд нэгэнгүй ярих юм. Яриан дундуураа хэзээ ирэх вэ? Дахиж ирнэ биз дээ гэж байнга асуух нь тэр хэд дээр үнэхээр хүн очдоггүй. Бараг л мартагдсан хүмүүс шиг санагдсан.

pc230487.JPG

Бидэнд захисан захиас нь нэг ширхэг цагны зайнаас илүүтэй үр хүүхэддээ хандсан үгс байлаа
Уг нь сонин хэвлэл захиалдаг байсан гэнэ. Гэтэл манай шар сонингуудаар Асрамжийн газрынхан гэсэн тодотголтой элдэв муухай мэдээллүүд бичигдсэнийг олж уншаад дахиж сонин уншицгаахаа больсон гэнэ. Тэд ямар бидэнд гай тарьж бас саад болж байгаа биш энэ хэвлэлүүд тэдний мууг үзэж яах нь вэ дэ. Тэгээд биднийг дараа ирнэ ээ гэж хэлэхэд “Тэгвэл тэр сонинуудын газарт очиж хэлээрэй” гэсэн юм. Бас бус юм захиж байлаа.” миний хүү өвөөдөө цагны нэг ширхэг зай аваад ирээрэй. Цагаа ажлуулаагүй их удаж байна “ гэх мэт. “Нэг улаан шонхор гэдэг, тамхи боломж байвал авчирч чадах уу гэж их л санаа нь зовсон янзтай хэлнэ. Тэгээд нэг уут чихэр, дулаан алчуур, зүү, өнгө өнгийн утас гээд бидний авч очиж чадахаар юмыг захиж байв. Хамгийн гол нь миний хүүхдүүд очоод заавал сургийг нь гаргаад уулзаад хэлээрэй хэмээн үр хүүхдийнхээ хаягийг өгч байсан. Энд ирээд хайсан ч утас нь холбогдохгүй, эсвэл бүр эртний хаягтай газар болохоор ихэнхтэй нь холбоо барьж чадаагүй.
Тэднийгээ нэг эргээд очоорой
Бид үр хүүхэдтэй ч тэд маань жилдээ ганц нэг ирээд бараг ирдэггүй юм өө. Тэд ирээд ч яах юм билээ. Нэгэнт нас дээр гарсан биднийг тэд эргүүлээд аваад явна гэж байхгүй шүү дээ хэмээн санаа алдан суух тэд өрөвдөлтөй биш их сэтгэлийн хаттай харагдсан. Тэнд 130 сэтгэл үр хүүхдээ өдөр бүр харж суудаг юм шүү. Хэрвээ үр хүүхэд нь байдаг бол ер очдоггүй юмаа гэхэд жилдээ нэг очоорой.
Улсаас өгдөг хангамж нь сайн ч…
Жил бүр улсаас тодорхой хэмжээний хангамж авдаг л юм билээ. Хангамж материалын тоо хэмжээ, үнийн дүнг сонсоход тийм ч бага биш байсан. Гэхдээ яг тэр хүмүүсийн гарт очдог эсэх нь эргэлзээтэй санагдсанаа нуумааргүй байна. Биднийг очоод юм тарааж өгч байхад л тэр бүгд нь ажиглагдаж эхэлсэн. Сайн санаатны өгсөн тусламжыг яг л өвөө эмээ нарын гар дээр нь өгөхгүй бол өөр хүмүүсийн гарт үлдэх нь олонтаа харагдсан.
Улсаас хоол унд, ариун цэврийн хэрэглэл гээд даадаг л гэсэн. Гэсэн ч биднийг очиход саван ч үгүй сууж байгаа хүмүүстэй олон таарсан. Бас ор дэрний даавуу нь их хуучирсан. Нэгдсэн журмаар тийм зүйлийг нь ч болов солиод өгчихвөл зүгээр л юм. Харин одоо тийшээ явах хүмүүсийн цуваа нэмэгдэж байгаа юм байна лээ. Сар шинэ, шинэ жил гээд тохиололт баярын үеэр тэдэнд бэлэг аваачиж өгөх сайн санаатнуудыг телевизээр нэлээд харсан.
Тэдний дунд олны танил байсан хүмүүс зөндөө
С.Данзан гэвэл танил сонстож магад. Зохиолч, Шатрын спортын мастер хүн. Одоо 70 нэлээд гарсан хүн байгаа. Одоо ч шатраа тоглодог хэвээрээ. Даанч тоглох дургүй болоод байгаа гэнэ. Яагаад тэр вэ? гэж асуутал.
“Миний хэмжээнд тоглочих хүн энд байхгүй” гэж томорч суусан.
Нийслэлийн ганц оёдлын үйлдвэрийн ахлах ажилтай байсан эмээ хүртэл байгаа. Бас бүжигчин, нисгэгч, дуучин байсан гээд сайхан сайхан хүмүүс тэнд байгаа. Тэд тэнд өмнөх амьдралынхаа гэгээн дурьдатгалаар л сэтгэлээ хөглөн амьдардаг байх.
Хараагүй эмээ хүртэл бүжиглээд л тэд их авъяастай
Хотоос очихдоо урлагийн сургуулийн хэдэн залуусыг хамт дагуулж явсан юм. Орой нь үдэшлэг зохион нэг үдэш тэдэнтэйгээ өнгөрүүлэв. Хараагүй эмээ хүртэл бүжиглэж байгаа юм даа. Тэд бүжиглэнэ дуулна. Бас чаддаг юмаа бидэнд үзүүлсэн. Сэтгэл нь хөдлөөд зарим нь уйлж суусан. Учир нь тэнд хүүхдүүд хэр барагтай очдоггүй гэсэн. Асрамжийн газрынхан хамтлаг байгуулсан гэнэ. Гоцлол дуулаач, хөгжимчин гээд л. Нэг том хөгжимтэй. Тэрийг нь хариуцсан нэг өвөө байдаг юм. Өвөөг ёжлоод DJ гээд нэрлэчихсэн. Тэр нэрэндээ их дуртай даг шүү.

Сэтгэлдээ бөөн бодол тээсээр буцсан даа
Буцахдаа их л бодол тээж явснаа одоог хүртэл санадаг юм. Гэхдээ тэр тусч сэтгэл, өрөвч сэтгэл, хүнлэг сэтгэл үнэртсэн бодол. Цээжин дотор чулуу дүүрчихсэн юм шиг нэлээд хүнд бодлуудад дарагдлаа. Одоо ч хүртэл хааяа боддог юм. Би чинь 130 өвөө эмээтэй хүн шүү дээ гэж. Тэд бүгд л биднийг хүүгээ, охиноо гэж болгоцгоосон доо.
Сэтгэлээс холдохгүй мөртлөө хол байдаг тэр газар бол Төв аймгийн Батсүмбэр дэх Улсын асрамжын газар байсан юм. Улсдаа ганц байдаг энэ газар Улаанбаатар хотоос 120 км-ын зайд оршдог.
Цагаан гэхэд цагаан биш элэгдэж хуучирсан гурван давхар байшинд амьдардаг өвөө эмээ, аав, ээж шигээ хүмүүст “Сэтгэлийн дэм” өгөхөөр найзуудтайгаа очсон минь энэ.
Сүүлд нэг очсон. Очихдоо тэд нарынхаа захисан юмыг нь бүгдийг аваад очсон. Дахиад бас очмоор л. Гэвч ганцаараа очисноос олон хүүхдүүд дагуулаад очихоор тэд маань хүүхдүүд ирлээ гэж бүр их баярладаг юм.
Болдог бол тэднийгээ хот ганц оруулж өдөржин дагуулж явах юмсан. Дэлгүүр оруулаад, музей үзүүлээд, зургаа хамт авхуулаад л. Одоогийнх нь бас өмнөх амьдралынх нь зураглалаас чөлөөлж нэг өдөр ч болов өнөөдрөөр амьдруулж үзүүлэхийг тэгэхэд мөрөөдсөн.

Гэхдээ тэнд амьдрал байдаг.

2 comments:

Муур said...

Монголдоо очоод заавал тэнд байгаа өвөө эмээ нар дээр очноо..

Зулаа said...

очмоор санагдчихлаа.. бүүр 1 сэтгэл хүндрээд хачин болчлоо..