Friday, November 2, 2007

Ордон маань гадраа зассан бол одоо дотроо засах нь

Нэг л бүүдийсэн саарал өнгөтөй. Сүр жавхаагүй төрийн ордон маань дуншиж дуншиж сая нэг юм өнгөө сольж “Цагаан шаргал” ордон болсон. Анх ордны гадаад үзэмжийг сайжруулъя. Гадна дотны хүмүүсийн нүдэнд хэтэрхий дүнсгэр байна. Монгол чинь Азийн цагаан дагина шүү дээ гэж олон хүн олон ч хоног ярьж хэлэлцэж байсныг санаж байна. Тэр нь мэдээж дотор нь суудаг төрийн түшээд. Тэд ард түмэн, иргэдийн эсэргүүцэл дургүйцэлтэй нилээд тулгарсны эцэст хоёр дахь гэр болох ордныхоо гадаад өнгө үзэмжийг бидний татварын мөнгөөр чамгүйхэн засаад авчихсан.
Тэгвэл одоо дотоод үзэмжээ сайжруулах гэнэ. Энэ мэдээллийг иргэд яаж хүлээж авах бол?
2008 оны төсөвт ордны “Б” танхимын засвар, агааржуулалтын систем, гэрэлтүүлэг, бохир усны смстемийн шинэчэлт, зам талбайн тохижилт зэрэгт нийтдээ 110,3 сая төгрөг зарцуулахаар тусгажээ. Төрийн ордны гадна талын фасадын засварт 300 сая төгрөг төсөвлөгдсөн ч хүрэлцэхгүй болж нэмж 150 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр босох юм гэсэн. Ингээд нийтдээ 515,3 сая төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр хийх болж байна.
Хүссэн бүхэн ордонд орж чадах биш ямар болсныг нь мэдэхэд хүндрэлтэй л юм. Засвар шинэчлэл хийсний дараа ядаж барааг нь нэг харах байлгүй гэж бодох хүн олон байгаа.
Анх БНМАУ-ын Засгийн Газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд одоогийн УБИС-ын Төв байрны доод хоёр давхар байрлаж байв. Одоог хүртэл хэд хэдэн удаагийн өргөтгөлөөр өнөөдрийн “Цагаан шаргал” ордон сүндэрлэх болсон. Ордны нийтдээ 35804 м2 талбайтай, нийт давхруудын багтаамжийг нэрлэвэл 134,229,69 м3 зай болдог байна.Төрийн ордонд Их Хурлын нэгдсэн хуралдааны, олонхи, цөөнхийн бүлгийн хуралдааны, Засгийн газрын хуралдааны, үндсэн хуулийн цэцийн, ердийн хуралдааны, ёслол хүндэтгэлийн, хүлээн авалтын, уулзалтын гээд арав гаруй том танхимтай. Эдгээрийн хамгийн том нь их танхим -1200 хүний суудалтай. Тэрчлэн эл ордонд 100 хүний суудалтай зоогийн газар болон номын сан, уншлагын газар, хэвлэх үйлдвэр, спорт чийрэгжүүлэлтийн танхим, худалдааны цэгүүд, угаалга, хими цэвэрлэгээ, оёдолчин, үсчин, цайны газар, цэцгийн хүлэмж, эмийн сан, банкны тооцооны төв, холбооны салбар зэрэг үйлчилгээний зориулалттай 40 гаруй өрөө тасалгаа байдаг байна.
Төрийн ордонд Монгол улсын Ерөнхийлөгч түүний Тамгын газар, Улсын Их Хурал, түүний Тамгын газар Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, төрийн албаны зөвлөл, улс төрийн цагаатгалыг зохион байгуулах улсын комисс, Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, тэрчлэн Төр засгийн Үйлчилгээ аж ахуйг хариуцсан газрын төв аппарат, төрийн ёслол үйлчилгээ харуул хамгаалалтын албаныхан байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг.
Засгийн газрын гишүүд нь төрийн ордонд тус тусын яамдын өрөөтэй, нийтдээ ордонд 1000 шахам хүн ажилладаг юм. Монгол төрийн энэ ордонд монгол хүний ур ухаанаар бий болсон урлагийн ховор нандин бүтээлүүд цөөнгүй бий. Одоо төрийн ордонд ахмад болон залуу уран бүтээлчдийн 100 шахам зураг, 10 гаруй уран баримал, сийлбэр, туурган хивс, торго арьсан урлалын бүтээлүүд тавигджээ.
Эдгээрийн дотор эзэн Чингис хааны гантиг чулуун цээж баримал, есөн хөлт цагаан тугны орчны 87 ам.метр талбай тойрсон чимэглэл, Хүннүгийн үеийн хээ бүхий ширмэл ширдэг, ардын зураач Н.Чүлтэмийн “Талын айл”, О.Цэвэгжавын “Гүүн зэл дээр”, М.Цэмбэлдоржийн “Отгонтэнгэр”, Б.Гомбосүрэн, Д.Цэрэнпил нарын бүтээсэн “Эх орон” сэдэвт 20 м туурган хивс, залуу уран бүтээлч Н.Лхагвасүрэнгийн “Төрийн долоон эрдэнэ” түүх уламжлалын сэдэвт 17 м урт монгол зураг зэрэг гайхамшигт бүтээлүүд олон бий. УИХ-ын хуралдааны танхим дахь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үндэсний уран гоё сийлбэртэй сэнтий /суудал/, төр засгийн тэргүүн нарт гадаадын дээд зиндааны байгууллага, хүмүүсээс бэлэглэсэн зүйлийн 70 гаруй үзмэр бүхий үзэсгэлэн /эх сурвалж origo.mn/ байдаг байна.

Бид өнөөдөр төрийн ордны барилгын дундах чөлөөнд эзэн Чингисийн суумал хөшөө бүхий төрийн хүндэтгэлийн 10 ханатай өргөө гэр, ордны урд нүүрэнд Бунхант индрийн цогцолбор бий гэдгийг л харж байдаг.

No comments: