Өвөл надад гуниг мэт санагддаг. Бодолд автсан хүмүүс. Сэтгэл нь хүртэл үстэйгээ ижил буурал болчихсон мэт. Хавар болж цэцэглэхээ хүлээж байгаа бээрсэн мөчир мэт тэсч ядсан хүмүүс нүдэнд тордог. Бүх юм нь нуугдмал. сэтгэл нь хүртэл. Халуун дулаан үг, харц гэж хаа ч үгүй. Удахгүй хавар болж энэ бүгд үгүй болоосой.
Хавар надад цэцэг шиг санагддаг.
Бүх юм нь эмзэгхэн. Хүмүүс нь хүртэл. Хүн бүр хаврыг хайраар угтдаг. Сэтгэл гижигдсэн улирал. Ямар нэг мэдрэмж ирэх шиг санагддаг. Тэр нь тэгээд бас тогтворгүй. Яг л үүлтэй тэнгэр шиг. Зун л хамгийн сайхан тогтуун, юм бүхэн тунгалаг шинэхэн мэт.
Зун надад эхлэл шиг санагддаг. Яг л эхээс төрж байгаа шиг ариухан. Байгаль нь өнгөө сольж шинэхэн дээлээ нөмөрчихнө. Хүмүүс нь сэтгэлээ нээж өөрийгөө эрх чөлөөтөй болгодог сайхан улирал.
Намар надад амьдрал шиг санагддаг. Амьтай бүхэн нэг л зүйлд бэлдээд. Тэр нь цаашдынх нь оршин тогтнол. Яарсан сандарсан, хичээсэн зориглосон, бас зүтгэсэн цөхөрсөн олон юмс. Яг л амьдрал харагддаг.
Friday, November 2, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment