Хэвлэл мэдээллийнхний анхаарлыг байнга татаж байдаг зүйл нь Дотоодод болж байгаа үйл явдал байдаг. Өнгөрөгч долоо хоногийн турш МАХН-ын ХХV Их Хурлын сонин сайхнаар манай өдөр тутмын сонинуудын мэдээлэл хахаж байсан. Намын сонин сайхан нь өнөөдөр ч үргэлжилсээр. Хэн бүхний анхаарал намын шинэ дарга хэн болох вэ хэмээн чих даран хүлээж байсан бол энэ долоо хоногт буюу өнөөдөр намын шинэ даргын хэлсэн үгэнд чиглэх болов. Өчигдрөөс МАХН-ын Бага хурал эхэллээ. Бас л олон талт асуудлууд гарсан бололтой. С.Баяр дарга өөрийнхөө оронд Ё.Отгонбаярыг ерөнхий нарийн бичгийн албан тушаалд нэрийг нь дэвшүүлж. Тэр хүн нь ногоон гэрлээр сонгогдлоо. Мөн удирдах зөвлөлийнхөө хүмүүсийн нэрсийг гаргажээ.
Бага хурлаар яригдсан бас нэг асуудал нь шинэ дарга С.Баярт намын нэр хүндийг өргөж ирэх сонгуульд ялуулахын тулд Ерөнхий сайдын албан тушаал зайлшгүй хэрэгтэй гэнэ. Нэгэнт МАХН-ын Их хурлаас ийм шийдвэр гарсан болохоор Ерөнхий сайд М.Энхболд намын дүрмийн дагуу огцрох өргөдлөө өгөх ёстой. Тиймээс өчигдөр түүнийг УИХ-ын даргад өргөдлөө өгнө гэдэг “шум” дэгдсэн байгаа. Үүн дээр хэвлэлийнхний хараа, чих саатаж байна. Харин ирэх долоо хоногт Засгийн газрыг огцруулах асуудал орж ирэх төлөвлөгөөтөй байгаа нь хэвлэл мэдээллийнхний дараагийн давалгаа болж мэдэх. Нэг намын хурлаас болж Монголын нийгмийн амьдрал түүн рүү ханарах ёсгүй гэж “Ардын эрх” сонин анхааруулж бичсэн. Одоо ашгүй нэг юм хурал дуусч хэвлэлийнхний анхаарал өөр тийш чиглэх байх гэтэл дахиад л…
Өнгөрсөн долоо хоногийн бас нэг шуугиантай мэдээлэл Ерөнхий сайд асан П.Жасрай, Авлигатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн нарын харамсалтай үхлийн талаарх мэдээлэл. Эмгэнэлт явдал, хурал хуй, намын даргын суудлын төлөөх битүүхэн тэмцэл өрнөсөн эл өдрүүдэд Нийслэлийн ой бас тохиож байсан юм. Энэ ч хэвлэлийнхэнд сонин санагдсангүй бололтой. Харин эх оронд маань дэлхийн анхаарлыг татахуйц үйл явдал болж өнгөрсөн нь Кураш бөхийн ДАШТ байв. Монголд төдийлөн танигдаж амжаагүй Кураш бөхөд манайхан амжилттай барилдаж, тавын таван алтан медаль хүртэж, багаараа хоёрдугаар байр эзлэсэн талаар ТВ-ээр нэлээдгүй цацагдлаа. Харин тамирчдын сэтгэлийн үг, шагналын үнэр ханхалсан ярилцлага, нийтлэлийг нэг ч сониноос олж харсангүй. Өнгөрсөн долоо хоногийн мэдээлэл нэг тиймэрхүү өнгөрч, Шинэ долоо хоногийн мэдээллийн давалгаа нэг иймэрхүү эхэлж байх шиг..
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment