Thursday, November 22, 2007

Хотын даргад тавьсан иргэдийн захидал

Цаг бол алт гэдгийг мэднэ. Хүмүүсийн унаа тээврээр зорчдог хамгийн идэвхитэй цаг нь өглөөний 7:00-9:00. Энэ хооронд хүмүүс ажил сургуульдаа явцгаадаг. Энэ үеэр хотын замын хөдөлгөөн ихэсч ачаалал бага зэрэг үүсдэг ч бөглөрөл, түгжрэл үүсдэггүй иргэд ажилдаа амжаад л очдог байсан. Гэтэл сүүлийн хэдэн өдөр автобусны буудлуудаар эгнэн зогссон хүмүүсийг хараад өрөвдөх ба бухимдах сэтгэл төрж байна.

Удаан зогссон хүмүүс даарсандаа болоод ханиалган шуугитнан зогсоно. Автобус ч ирэхгүй. Харин хүмүүс нь нэмэгдсээр. Ажлын цагаасаа хоцорсон хүмүүс арга ядахдаа ТАКСИ барицгаая хэмээн хэд гурваараа нийлэлдэн гар өргөнө.
Зогсох такси нь ч ховордож. Ганц нэг зогссон унаа нь ойр явахгүй гээд хөдлөөд явчихна.

Ер нь хүмүүсийг зохицуулж буй гол хөдөлгүүр нь нийтийн тээврийн хэрэгсэл байдаг. Энэ хөдөлгүүр нь зогсчихоор хүмүүсийн ажил төрөл цаашлаад хотын ажлыг ихээхэн цалгардуулж эхлэх юм. Хүмүүс алхаж ажилдаа явна гэдэг үлгэр. Үүнийг далимдуулаад жижиг оврын тэргүүд үнээ нэмэн орлиж зогсох нь бүр дүргүй хүргэмээр.

Ингээд өглөө бүр зам даган хөврөн зогсох болсон их хотын маань хүмүүс хотынхоо даргад захидал илгээж байна.

Юмны үнэ нэмэгдлээ. Амьдрал үндсэндээ хэцүү болсныг хэн хэнээ гэлтгүй мэдэж байгаа. Гэтэл дээрээс нь хөл дүүжлэх унаа тэрэг нь зогсчихоор энэ хүмүүс чинь хоолоо залгуулхаар зүтгэж байгаа ажил төрөлдөө яаж явахыг хэлээд өгөөч гэх олон хүн.
Хотын дарга Ц.Батбаярт хандаж хэлэхэд шийдвэрлэх олон асуудал байгаа ч нэн түрүүнд нийтийн тээврийн энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол адаглаад өвчин эмгэг тусч эхэллээ гэдгээ дуулгахыг зорьж байна. Мөн чанартаа нийтийн тээврийн ажил хаялт, зогсолт хийх болсон шалтгаан нь хэдэн автобус баазын дарга нарын хоорондын хэлэлцээрээс л гарч байгаа асуудал. Тэр хэдэн дарга нартай нь хотын дарга зөвлөлдөж хэлэцээд энэ асуудлыг шийдчих боломж байгаа шүү дээ хэмээн найдаж энэ захидлыг илгээж байна. Хариу нь хэзээ ирэх бол.

Wednesday, November 21, 2007

Талх “тансаг хэрэглээнд” орох шахав

Хэдэн сарын өмнө л 250 төгрөг байснаа 310 төгрөг болж нэмэгдсэн талхны үнийг шагшиж суусан бол өнөөдөр энэ үнэ яг 50 хувиар дахин нэмэгдэж.
Их удвал 600 төгрөгний талх 800 төгрөг болж цаашлаад 1000 төгрөгийн үнэд хүрэх ч магадлал ойрын өдрүүдэд байсан юм.

Монголчууд энэ хэдэн өдрүүдэд хагас өлсгөлөнгийн байдалд орж эхэлсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Харин энэ өлсгөлөн өнөөх томчуудад мэдрэгдэхгүй. Гэтэл хүмүүсийн гуйж байгаа ганц гуйлт, хүсэлт нь “Төр засаг энэ үнийн хөөрөгдлийг зохицуулаад өгөөч гэх”
Зарим нэг настангуудын яриаг санаандгүй сонсох нь ээ.
1990 оны үеийн зах зээлийн системд шилжиж байсан дүр зураг одоо ирнэ гэлцэж байхыг сонсоод айдас төрсөн.
Нээрээ л тэгэхэд бүх юм картын системд шилжиж “Картын бараа”-гаар амь залгуулдаг байсныг санадаг юм.
Арай ч үгүй байлгүй дээ гэх бодол төрөөд хэдэн шар бор сонин эргүүлж суутал үнийн хөөрөгдлийн асуудал нааштай шийдэгдэж мэдэх нь.

Сүүлийн үед огцом өсөөд байгаа гурил, талхны үнийг бууруулахаар Хүнс Хөдөө аж ахуйн яамнаас засгийн газар, УИХ-д хуулийн төсөл боловсруулж санал оруулсан байна. Төсөлд улаан буудайн гаалийн татвар болон НӨАТ-аас ирэх оны долоодугаар сар хүртэл чөлөөлөх саналыг оруулсан байна. Энэ хугацаандаа гурилын хангамжийг сайжруулан нөөц бэлтгэх гэнэ. Ямартаа ч хувь хүмүүс болон үйлдвэрчний эвлэл, холбоодууд энэ асуудлаар босон тэмцэж түрүүчээс нь “Улс төрийн суулт” хийхээр зарлаад байгаа энэ нөхцөл байдлыг Засгийн газар, УИХ нэг удаа авч хэлэлцэх л бололтой.
Харин тэр болтол бидний өдөр тутмын хэрэглээ атлаа “Тансаг” хэрэглээний зиндаанд очих шахаад байгаа хар талхнууд маань ямар үнэд хүрдэг бол гэсэн түгшүүр бас л төрж сууна. Үүн дээр манай үндэсний үйлдвэрлэгч “талх чихэр”, “өгөөж” компанийн удирдлагууд хариулт өгчээ. Тэр нь ямар ч байсан төрөөс зохицуулалт хийх хүртэл одоо байгаа үнэдээ “барихаар” зөвшилцжээ.

Thursday, November 15, 2007

Үзэг цаасаа бариад өөрийгөө мэдээд ав

1. Уул 2. Монгол гэр 3. Авдар 4. Зам 5. Зам 6. Нар 7. Машин 8. Хонь
За дээрх дүрсүүдийг цаасан дээр зураарай.

Одоо зурсан зургаа сайн харж ажигла. Зурсан зурагнаас чинь хөдөөний айлын дүр төрх харагдаж байвал та үнэхээр өндөр сэтгэхүйтэй хүн юм. Ингээд дүрслэл бүрийг тайлбарлаж өөрийн тань зан аашыг тодорхойлцгооё.

1. Зурсан уул нь их шовх оройтой байвал чи маш зоригтой юм. Хэрэв мохой оройтой байх юм бол хулчгар бусдыг аялдан дагалдагч аж. Холимог байвал чи орчинтойгоо гайхалтай оршин зохицох чадвартай юм байна.
2. Гэрийн чинь хаалга дэлгээстэй, яндангаас нь утаа гарч байвал чи маш нээлттэй илэн далангүй юм байна. Хэрэв энэ бүгдийг чи зураагүй бол ганцаардмал зожиг зантай байж таарах нь
3. Авдараа цоожтой зурсан бол чи их харамч ааштай. Харин авдарны чинь хаалга нь дэлгээстэй байх юм бол их өгөөмөр сайхан сэтгэлтэй байх юм байна.
4. Зурсан гол нь гэрээсээ хол байх юм бол чи ажилсаг, ойр байх юм бол их залхуу.
5. Замыг гэрээс хол зурсан байвал чи мэдээлллээс их хоцордог болхи юм байна. Харин гэрээс ойрхон зурсан байвал мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг ажээ.
6. Нарыг тал зурсан бол найз нөхөд багатай, зожиг , бүтэн байвал эсэргээрээ. Таваас доош цацрагтай бол маш их ганцаардмал байдаг.

Цацраг нь 5-9 ын хооронд байвал нэг их найз нөхөдгүй. Харин 9-өөс дээш цацрагтай бол найз нөхөд олонтой ажээ.
7. Ганц хонь зурсан бол чи маш их хойрго, харин олон хонь зурсан бол, хот дүүрэн хонь зурсан бол маш ажилсаг.
8. Мөн машин нь зам дээрээ явж байвал Тэр хүн маш их эмх цэгцтэй хүн ажээ.

Нүд

Олон олон нүд чамд дурлаад л. Нүд бүхнээс хайр цацран чам дээр унаад л. Чамд торсон тэр нэг нүдийг минийх гэж мэлзмээр. Өртөөгүй бусад нүднүүдтэй минийх гэж маргамаар…


Өнөөх нүддийн хэнийг ч юм ухаангүй болтол атаархуулж шаналгамаар. Өд шиг хөөрөн хаанаас ч юм гараад ирнэ гэж чамтай тогломоор.

Болчимгүй ч гэсэн олноос өрссөндөө өөрөөрөө бахархмаар. Биелсэн ч биелээгүй ч цагийн эргэлтэнд нүдийг минь харж явах чамайг хайрламаар.

Tuesday, November 13, 2007

Далд амьдрал

Хайрлах сэтгэлээ өөрөөсөө ч нуудаг. Харамлах сэтгэл гэж төсөөлхийг ч боддоггүй. Хийж байгаа зүйл нь нэг л зүйлийн төлөө юм шиг. Хүрч байгаа бүхэн нь эмзэгхэн. Бүр хэврэгхэн. Үзэн яддаг юмандаа хүртэл зөөлөн ханддаг. Өөртөө бас өрөөлд ч гомддоггүй. Тэр бүү хэл өстөн хүнээ ч уучилж явдаг. шаазан аяга хагарвал сайн зүйл гэж уулга алдахаас илүү бусдын ая тухыг алдуулсан мэт цочно. Бэргэнэ.

Зүрхээ чагнасаар байгаад мэлхий шиг. Өлмий дээрээ гишгэлэн өөртөө ч чимээ гаргахыг үл хүснэ. Хайр ч гэж шивнэж зүрхэлдэггүй. Хайрын тухай жүжиг үзчихээд автобусанд суулгүй чимээгүй хотын нам гүмийг үргээлгүй ганцаархнаа алхдаг.

Ил амьдрал

Би чамд хайртай. Алдмааргүй байгаа бодлоо нуухгүй. Зүрхний минь багтаамж дүүрчихнэ. Шууд л хэлье. Бүгдийг нь. Хүрэх зүйлийнхээ төлөө ганцаараа зүтгээд яах юм. Тэр нь чиний төлөө болохоор чи туслах ёстой. Нэгэнт л хийсэн гэм минь болохоор өрөөлийг зовоогоод яах юм.
Чи зовох учиртай. Галзуурсандаа гартаа таарснаа аваад шидчихсэн ч яадаг юм. Өмнөөс нь хэлэх үг хийх үйлдэлтэй би. Зүрхээ чагнаж суулгүйгээр зүрх рүү чинь дайрмаар байна. Арслан бар шиг. Өлмий дээрээ хором ч зогсолгүйгээр өөрййнхөө төлөө босч буйгаа хэлье. Амьдралынхаа төлөө дайн зарлаж байна. Сайхан бүхнийг мэдэх хүсэлдээ ташуурч хайрын тухай сайхан жүжиг үзчихээд нойрсож байгаа хотыг сэртэл нь “Хайр” гэж хашгиръя.

Бурханд хэлэх зөвлөгөө нь ... Чи битгий хуц

Яруу найраг гэж юу юм гэж хүмүүсээс асуувал зарим нь
Яруулаг бичихийг л хэлэх байх гэдэг. Саяхан манай найз надруу утас цохилоо.
- Хүүе ээ одко. Чамархуу шүлэг бичдэг нэг хүн номоо гаргажээ. Яг л чиний стиль гэж байх юм.
Би чинь нэг их юм бичдэг биш энэ одоо юу яриад байгаа юм болоо гэсэн юм бодоод. Ганц хоёр бичсэн юмнаас минь аваад номондоо оруулчихсан юм болов уу гэж бодлоо. Надад номыг нь авчирч өглөө.

Тэгсэн чинь Яруу найрагч Б.Галсансүхийн "Бурханд хэлэх зөвлөгөө " ном нь байсан. Найз маань тэр хүнтэй уулзаж байгаад надад авчирч өгсөн байгаа юм л даа. Бүр гарынхаа үсгийг зураад Одгэрэл-дээ энэ тэр гээд биччихсэн байсан. Тийм том яруу найрагчаас номыг нь авна гэж төсөөлөөч үгүй явж: Түүний бичсэн постпанк чиглэлийн бүх бичвэр нь надад таалагддаг. Уншаад бүр тарчилж, салганадаг гээч. Даанч би энэ хүн шиг хэзээ ч бичиж чадахгүй байх. Миний сэтгэлгээ ч хүрэхгүй л дээ. Миний битгий хэл яруу найрагчдийн атаархлыг төрүүлж, шарыг гозойлгож, тэдний бичээгүйг бичсэн хүн бол ганцхан Б.Галсансүх.
Түүнийг найз, анд нөхдүүд нь юу гэж өгүүлснийг номных нь өмгөтгөлөөс уншихад л хангалттай.
Би энд "Бурханд хэлсэн зөвлөгөө" шүлэгээс нь санаж буйгаа өгүүлье.

БУРХАНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

Бурхан их л олон зүйлийг тэгж хий, ингэж хий, тэг ингэ гэж зарлигдаж иржээ. Тухайлбал:
Дуулдаг дуу бүхэнд нэжгээд "хайр" гэсэн үг орох ёстой гэж
Чи чанга дуугаар хэлсэн.
Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн ихээр дуулж байна.
Чи татах тамхины хайрцаг дээр "хортой" гэсэн бичиг тавь гэж чанга дуугаар хэлсэн.
Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн ихээр татаж байна.
Чи уух архины шилэн дээр "чанартай" гэсэн тэмдэг тавь гэж
Чанга дуугаар хэлсэн. Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж байна.
Бурхан гуай таны хэлсэн бүхийг бид өнөөдөр биелүүлж байна
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна
Чи битгий хуц аа.
гэж өгүүлсэн байдаг юм. Гэхдээ би энд бүрэн эхээр нь биш өөрийнхөө ойлгосон хэсгийг л бичлээ. Үнэн гэхэд дэндүү үнэн, шударга гэхэд дэндүү шударга бичдэг энэ найрагчтай уулзах хүсэл төрөөд буйгаа нуугаад юу хийхэв. Тэр хүн намайг тоож нэг удаа уулзана гэсэн юм. Тэгэхээрээ би тэр хүнээс Одгэрэлд хэлэх зөвлөгөөг авах гэж байгаа юм.